Нутгийн бизнес эрхлэгч залуугийн түүх

Local news, 01.07.2022

Говь-Алтай аймгийн иргэн Гантулга өөрийн ээжтэйгээ хамтран 2015 онд монгол уусдаг цайны үйлдвэр байгуулж, анхнаасаа технологио сайжруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесээ амжилттай авч явахыг эрмэлзэж ирсэн.

Гэр бүлийн жижигхэн бизнес учир бизнес хөгжүүлэх зөвлөгөө, сургалт, хөнгөлөлттэй зээл зэргийг авч чадахгүй байлаа. Засгийн газраас олгодог Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн зээл иймэрхүү төрлийн өрхийн хэмжээний жижиг бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй тул боломж маш хязгаарлагдмал байсан юм. 

Говь-Алтай аймгийн залуу бизнес эрхлэгч Гантулга
Говь-Алтай аймгийн залуу бизнес эрхлэгч Гантулга ©ЗХД төсөл

Энэ нь орон нутагт тарьж ургуулан, боловсруулсан эрдэс бодисоор баялаг шим тэжээл бүхий улаан буудайг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн уусдаг цайны зах зээлд чиглэсэн бизнесийн гайхалтай санаа байв. Эдгээр нь сулихар (Agriopyllum) болон суль (Psammochloa) хэмээх ургамлууд юм. Орон нутгийн ургамлууд нь эрүүл мэндэд тустай, уураг ихтэй, нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй байсан. Монгол орны хуурай цөлийн элсэрхэг хөрсөнд ургадаг эдгээр ургамлуудыг говийн бүсийн болон Говь-Алтай аймгийн өндөр настангууд л өөрсдийн эртний жороор цай бэлтгэн хэрэглэдэг байжээ. Ээж, хүү хоёрын хамтарсан хүч хөдөлмөрөөр бүтсэн цайны "Алтайн цай" хэмээх нэр нь говь нутгийн уугуул шинж чанарыг хадгалсан бөгөөд орон нутгийн онцгой бүтээгдэхүүн болж чаджээ.

ШХА-ийн санхүүжилттэй хэрэгжсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл нь 2016 онд гарааны бизнесийг хөгжүүлэх, дэмжих, жишиг бизнесийг бий болгоход ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Уг төслийн гол зорилго нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийн экосистемийг бий болгож, бэхжүүлэх зорилготой байсан.

Тухайн үед нийслэл болон хойд аймгуудын томоохон хотуудад гарааны бизнесийн хөдөлгөөн дөнгөж эхэлж байсан үе юм. Энэхүү төсөл нь энтрепренёршип, гарааны бизнес гэсэн үг залуучуудад харь үг мэт ойлгогдохоор байсан үед Монгол орны баруун бүсийн хамгийн алслагдсан аймгуудад хүрч ажилласан сайн төсөл байлаа. Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын удирдлагууд болон ажилтнууд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлтэй хамтран “Стартап Монгол” (Start up Mongolia) байгууллагын удирдлага дор гарааны бизнесийн холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хамт тэмцээн, уралдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулсан.

Гантулга аймагтаа болох уралдааны тухай сонсоод догдолж, сандарч байсан ба миний бизнесийн санаа нь хэрэгжих боломжтой юу, тэр тэмцээнд түрүүлж чадах болов уу гэсэн бодол байнга л дагалдаж байлаа. Тэмцээний өмнө тэрээр найзуудынхаа хамт “Стартап Монгол”  байгууллагаас зохион байгуусан “Бизнес санаагаа хэрхэн боловсруулж, санхүүжилт авах вэ” хэмээх түргэвчилсэн сургалтанд хамрагдсан байна. Мөн бизнес саналаа боловсруулж чадсан. Гантулга Говь-Алтай аймагт болсон анхны гарааны бизнес эрхлэгчдийн дунд зохиогдсон тэмцээнд түрүүлснээр дараагийн шатны сургалтад хамрагдсан юм. Одоо эргээд харахад, тэрээр 10 сая төгрөгийн шагнал авч, орон нутгийн туршлагатай бизнес эрхлэгчдийн бизнес хөгжүүлэх сургалт, зөвлөгөөнд хамрагдаж чадсан нь үнэхээр азтай.

Энэ бүхэн Гантулгыг амжилттай бизнес эрхлэгч болоход эерэгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Өнөөдөр сайжруулсан технологи бүхий Алтайн цай-ны бизнес амжилттай үргэлжилж байна. Уусдаг цайнд дурлагсдад зориулсан “Алтайн цай” багцыг Улаанбаатар болон бусад аймаг, хотын томоохон сүлжээ супермаркетуудаас болон онлайнаар худалдан авах боломжтой болсон.

Ковид – 19 цар тахлын дараах инфляци, үнийн өсөлт, тээврийн зардал, орон нутгийн зах зээлийн шингээх чадавх, эрдэс бодисоор баялаг шим тэжээлт нутгийн ургамлын гар аргаар боловрсруулахад үзүүлж буй нөлөөлөл гэх мэт олон зүйлээс шалтгаалан, Гантулга байгалийн ховор нөөцийг их хэмжээгээр ашиглах замаар зах зээлээ тэлэх, томоохон үйлдвэрлэл явуулахыг хүсэхгүй байна. Харин тэрээр цайны үйлдвэрлэлээс гадна цоо шинэ нийгмийн бизнесийн санаа хөгжүүлж хөрөнгө оруулалт хийх замаар бизнесийн багцаа төрөлжүүлж байна. Ингэхийн тулд Улаанбаатар хотод их сургуулиа төгсөөд тэндээ үлдсэн зарим найзыгаа аймагтаа урин ирүүлж хамтран ажиллаж эхлээд байна.

Түүний мөрөөдөл бол төрөлх Говь-Алтай аймгийнхаа хүүхдүүдэд код бичиж сурахад нь туслах замаар алслагдсан бүс нутгийн дижитал ялгааг багасгахаар зорин ажиллаж байгаа юм. Ингэснээр дижитал боловсрол, ур чадварыг тэгш хүртэх замаар хөдөөгийн хүүхэд залуучууд өөрсдийн чадавхыг ашиглаж, бүс нутгийнхаа тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болно.

Гантулга нас залуу хэдий ч туршлагатай бизнес эрхлэгчийн хувьд нийгмийн иймэрхүү төрлийн аж ахуйн нэгжийг удирдахад тулгардаг сорилтуудыг хүлээн зөвшөөрч ажиллаж эхлээд байна. Үүгээрээ Говь-Алтай аймгийн залуучуудын хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж буй дижитал бичиг үсгийн хязгааргүй их боломжийг олж харсан байна. Түүнтэй ижил алсын хараа бүхий хувийн компанитай хамтран ажиллаж, эхний 15 сая төгрөгөө хандивлаад байна.