Говийн зэрэглээ

Local news, 23.03.2022

Говийн нэгэн жижигхэн суманд 2000 оны эхэн үеэс эзэнгүй орхигдсон байшин байсан нь хүмүүсийн сайн мэдэх Монголын уран сайхны алдартай кинонд чухал обьект болон гардаг “шуудангийн байр” байжээ. 

Говийн зэрэглээ
Говийн зэрэглээ ©ШХА

Тухайн сумын зах нутгаар аргал, янгир элбэг дэлбэг, зээрийн сүрэг давхилдсан, заг, хайлаас бүхий элстэй толгодод говийн бахархал болсон тэмээн сүрэг идээшлэн бэлчсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зэргэлдээ суманд байх суварга хэлбэртэй ханан хавцал бүхий тогтоцтой Цагаан суварга, “Шаазан хот”-ын үлдэгдэл болох Хошуу хүрлийн хийд, Сэнжит хад гэгддэг хадан цохиог үзэхээр олон жуулчид тус сумыг дайран өнгөрдөг юм. Гэхдээ сумаар дайран өнгөрөхдөө жуулчид зогсдоггүй, кинон дээр гардаг хуучин шуудангийн барилгыг мэдэх хүн ч тун цөөхөн.

Дундговь аймгийн Хулд сумын малчид Швейцарын хөгжлийн агентлагийн 20,000 швейцар франкийн дэмжлэгтэйгээр сумандаа дотоод, гадаадын жуулчдыг татах хөдөлгөөн өрнүүлсэн юм. ”Говийн Зэрэглээ” гэх жижиг төсөл нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хэрэгжиж эхэлсэн. Хуучин шуудангийн байрыг нутгийн иргэд 1980 онд бүтээгдсэн "Говийн Зэрэглээ" Монголын уран сайхны киног санагдуулам орчныг мэдрүүлсэн тохижилт бүхий кофе шоп, аялал жуулчлалын мэдээллийн төв болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Тус кофе шоп нь халуун кофе, ингэний хоормог болон "Говийн Зэрэглээ" шоколадаар үйлчилдэг бөгөөд хэрэв та хоол захиалах шаардлагатай бол амттай сайхан хуушуур хийж өгөх болно. Жуулчид, аялагчдын хувьд зохион байгуулалттай багийн аялал, тэмээн аялал, тэмээний баяр, ойр хавьд болж буй тэмээний болон бусад холбогдох мэдээллийг эндээс авч болно. Хэрэв та нэг хоног эсвэл долоо хоног амрах, зугаалах газар хайж байгаа бол малчин өрхүүдийн амралтын гэрээр үйлчлүүлэх боломжтой.

Хэрэв та болон танай гэр бүл тэмээчин айлын өдөр тутмын амьдралтай танилцахыг хүсвэл малчдын зочиддоо зориулж тусгайлан бэлдсэн гэрт тухалж болно. Энэ бол жирийн тэмээчин айлтай танилцах ховорхон бас дахин давтагдашгүй сайхан боломж юм. Хэрэв та хүсвэл тухайн малчин айлын өдөр тутмын ажилд нь тусалж, хамтарч, эсвэл зочин маягаар ажиглан харж ч болно. Говьд амрахдаа та говь нутгийн зөөлөн дулаан орчинд тэмээгээр жонжуулах, морь унах эсвэл алхах зэргээр хүссэнээрээ амрах, зугаалах боломжтой. Хоолны хувьд та тухайн гэр бүлтэй хамтдаа хооллох, эсвэл тусдаа өөртөө хоол хийх эсвэл өдөр, оройн хоолоо захиалж ч болно. Мөн та тэмээ эсвэл үнээ саахыг сонирхож байна уу? Хэрэв тийм бол та үүнийг ч туршиж үзэх хэрэгтэй! Өдөр бүр ингэ саах ажилд тусалж, ботгонуудыг хариулж ч болно. Тэмээтэй ажиллахдаа гутал өмсөх хэрэгтэй, тэмээний тавхай, бүр ботгоны тавхай ч таны хөл дээр гишгэвэл хурууг ч нэлээн чанга дардаг юм. Магадгүй, та ямар ч зорилгогүйгээр аялал хийгээгүй байх. Тийм учраас малчин айлд зочлон тэмээ, хонь хариулж, өдрийг сайхан өнгөрөөж болох юм. Өвлийн улиралд малчид мэдээллийн төвдөө цугларч, зуны төлөвлөгөө, жуулчны үйлчилгээнийхээ талаар ярилцаж, өмнө нь зочлон ирсэн аялагчид, жуулчдынхаа талаарх түүхийг харилцан ярилцаж, туршлагаа солилцдог. Малчид уг кофе шопдоо ингэний хоормог, уламжлалт аргаар бэлтгэж хөлдөөсөн хонины махыг авчран Улаанбаатар хот руу ачуулдаг тул тус газар нь “шуудангийн байр” хэвээр байсаар байна.

“Говийн зэрэглээ” уран сайхны киноны гол дүрүүдийн нэг Арслангийн жолооддог байсан тракторыг шуудангийн байр – одоогийн кофе шопны гадаа байрлуулсан нь нүдээ олжээ. Бүх зүйл нэг дор буюу шуудангийн байр/мэдээллийн төв/кофе шоп-д байрлах ба киноны дурсгалын зүйлс, орон нутгийн бүтээгдэхүүн, халуун дотно зочломтгой байдлыг та эндээс олж авна. Өнгөрсөн жил КОВИД-19 цар тахлын улмаас тэд олон зочид, жуулчид хүлээж авч чадаагүй ч энэ жилийн хувьд сайхан зун ирж байна. Тавтай сайхан үйлчлүүлээрэй!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.