Монголын алдарт “ХҮ” хамтлаг Хариуцлагатай Нүүдэлчид брендэд нэгдлээ

Local news, 22.03.2022

Монгол оронд ирэхэд таныг хамгийн түрүүнд юу гайхшруулдаг вэ? Магадгүй, таны анхлан онгоц эсвэл галт тэрэгний цонхоор харах нарны гэрэл туссан зах хязгаар нь үл харагдах өргөн уудам тал нутаг уу? Эдгээр өргөн уудам тал нутаг нь эхэндээ хоосон мэт харагдах боловч ойртон очвоос тэнд хүмүүсийн амьдрал, тэдгээр хүмүүсийн баяр хөөртэй сэтгэлээр дүүрэн байхыг олж харна.

ШХА-ийхан ХҮ хамтлагтай
ШХА-ийхан ХҮ хамтлагтай ©ШХА

Зүгээр л энгүй уудам тал нутагт салхи татуулан морины нуруун дээр давхиж байгаагаар та өөрийгөө төсөөлөөд үз дээ. Ийм тохиолдолд та юу хийх байсан бэ? Таныг дуу дуулан давхина гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тийм ч учраас Монголд дэлхийд алдартай олон дуурийн дуучид байдаг. Дуу авиа хэрхэн үүсдэг, хэрхэн сайхан дуу, аялгуу хийх талаар маш олон хувилбарууд дуу дуулж байхад орж ирдэг. Үүнээс гадна та монгол үндэсний хөгжмийн зэмсэг болох морин хуур гэх өвөрмөц, зарим барууныхны хувьд ер бусын хөгжмийг харсан уу?

Швейцарын хөгжлийн агентлаг нь алдарт “ХҮ” хамтлагтай хамтран ажиллаж байгаадаа бахархаж байна. Тус хамтлаг нь морин хуур, товшуур, лимбэ зэрэг монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг тоглон хүчирхэг хөөмий, уртын дууг цуурайтуулан дэлхийд улам алдартай болсоор байна. Европ болон АНУ-ын рок шүтэн бишрэгчдээр том том цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргэн тоглолтоо хийх тус хамтлаг нь одоогоор YouTube дээр 100 сая гаруй хандалттай байна. ”ХҮ” хамтлаг нь Billboard Chart-ыг тэргүүлсэн Монголын анхны хамтлаг болсон бөгөөд ямар ч хөгжмийн хамтлагийн хувьд энэ нь гайхалтай амжилт юм.

Тус хамтлаг нь зөвхөн монгол хэлээр дуулдаг ч дууных нь үгэнд байгальтай асар их мэдрэмжээр холбогддогийг та бүхэн сонсоод мэдрэх болно. Хамтлагийн гишүүн Жаяа хэлэхдээ: “Хүн байгаль хоёр хоорондоо нягт холбоотой. Бид нүүдэлчин ард түмний хувьд бэлчээрийн даацдаа тохируулан мал сүргээ өсгөн үржүүлж, бэлчээрээ сэлгэн нүүж, зөв зохистой ашиглах учиртай. Бэлчээрээ талхлаж болохгүй” гэжээ. ”ХҮ” хамтлаг нь өөрсдийн хувцас, хөгжмийн зэмсэг, дууны үг, ая, тоглолт зэрэг уран бүтээлийн агуулга, гадаад дүрслэл, харагдах байдлаараа орчин үе ба уламжлалыг хооронд нь холбож өгдөг. Та тэдний тоглолтыг үзсэнээрээ үүнийг харж, сонсож, мэдэрч чадна. Тэдний туйлын зорилго бол монгол ёс заншлаа хадгалах, сурталчилах, Монголын онгон дагшин тал нутгаа хамгаалах, байгаль дэлхийтэй холбон байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих явдал юм.

”ХҮ” хамтлагийн гишүүдийн дээл, малгай, бүс, гутал гэх мэт хувцас хэрэгсэлүүд  хөгжмийн зэмсэг, бусад бүтээгдэхүүнүүд нь бүгд өөрсдийнх нь нэрийн хуудас болох “Хүннү Фэйшин” хэв маягийг агуулан Монголд үйлдвэрлэгдсэн бөгөөд арьсан бүтээгдэхүүнүүд нь монгол уламжлалт аргаар бэлгэдлийн элементүүдийг оруулан хийгдсэн байдаг. Хамтлагийн бүхий л зүйлсийг тусгайлан бэлтгэгдсэн гар урчууд урладаг ба тэдний дунд хөгжлийн бэршээлтэй хүмүүс ч бас ажилладаг. Тухайн бүтээгдэхүүний эх зураг гаргах, сийлбэр хийх, хэвлэх гэх мэтээр бүтээгдэхүүн болгох хүртэл маш нарийн зохион байгуулалт, дамжлагатай явагддаг.  Эдгээр шинэлэг аргуудын ард маш их бүтээлч сэтгэлгээ давхар явж байдаг. Өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байхын хэрээр ”ХҮ” хамтлагийн гишүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ Монголоос гаралтай түүхий эдээр хийж, үйлдвэрлэдэг байна. Мөн тэд өөрсдийн хэрэглэж байгаа бүх зүйл нь Монголоос ирсэн, Монголд хийгдсэн гэдгийг шүтэн бишрэгчдэдээ баталгаажуулахын тулд бүтээгдэхүүн бүр нь гарал үүсэл нь тодорхой, мөшгөх системд бүртгэлтэй түүхий эдийг ашигладаг байна. Иймд тэд Монголд тогтвортой байдалд нэг алхам ойртох зорилгоор тогтвортой, хариуцлагатай бэлчээрийн менежментийг сурталчлах “Хариуцлагатай Нүүдэлчид” брэндэд нэгдэж байна.

Швейцарын хөгжлийн агентлаг, Хүннү брэнд, “ХҮ” хамтлагийн хамтын ажиллагаа эндээс эхэлсэн юм. ШХА нь “Ногоон алт, малын эрүүл мэнд” хэмээх 17 жилийн хугацаанд хэрэгжсэн бэлчээрийн тогтвортой менежментийн чиглэлээрх төслийн хүрээнд Хариуцлагатай нүүдэлчдийн мөшгих системийг эхлүүлж байсан юм. Уг төсөл нь малчидтай хамтран мал аж ахуйн хариуцлагатай арга барилыг бий болгож, бэлчээрийг амрааж, сэлгэн ашиглах замаар бэлчээрийн менежментийг сайжруулж, мал эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлж, цөлжилтийн талаар зөв ойлголтыг бий болгож, малын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход нь дэмжлэг үзүүлж ирсэн. Эх сурвалж, гарал үүслийн мэдээллийг Хариуцлагатай нүүдэлчдийн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгих системд бүртгэснээр мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч хүлээн авахдаа ямар малчин тухайн түүхий эдийг нийлүүлсэн, бэлчээрийн арчилгаа, ашиглалт ямар байсан, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж хэр байсныг харах боломжтой болно гэсэн үг юм.  

“Хариуцлагатай нүүдэлчид” гэдэг нь малчид хариуцлагатайгаар сэлгэн ашигласан бэлчээрт мал сүргээ өсгөн үржүүлж, байгалийн нөхөн сэргээлт хийх замаар бэлчээрийн шим тэжээлийг нөхөж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авахыг хэлнэ. Мөн өвөлжөөтэй байх хэрэгтэй юм. Уг Хариуцлагатай нүүдэлчдийн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгих систем нь үндэсний хэмжээний мэдээллийн санг багтаасан бөгөөд эндээс бэлчээрийн төлөв байдал, малчид, газар агентлагуудын хооронд байгуулсан бэлчээрийн менежментийн гэрээ, мал эмнэлгийн бүртгэл, улсын мал эмнэлгийн лабораторийн мэдээллүүдийг хянаж болно. Хөдөөгийн хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг малчид “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын дагуу малын гаралтай түүхий эдийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлснээр шууд ашиг шим хүртэх юм.

ШХА-аас 185,000 швейцар франкийн дэмжлэгээр “ХҮ” хамтлагт зориулан үйлдвэрлэдэг Хүннү брэндийн арьсан эдлэл, тоног хэрэгсэл, хувцаснууд бүгдээрээ Хариуцлагатай Нүүдэлчид брэндийн нэг хэсэг болж, байгаль орчноо хамгаалах, ёс заншил, уламжлалаа хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Монгол Улсын Соёлын яамнаас “ХҮ” хамтлагийн бүтээгдэхүүнүүдийг бэлгийн багцдаа багтаасан нь тус хамтлаг болон Хариуцлагатай Нүүдэлчид брэндийг үндэсний болон олон улсын түвшинд сурталчлах гол ажил боллоо. Хэдийгээр тус бүтээгдэхүүнүүд нь хэмжээний хувьд жижиг ч гэсэн Монгол Улс нь хариуцлагатай малчид, авъяаслаг гар урчууд, онгон дагшин байгаль, өвөрмөц давтагдашгүй соёл, уламжлалаараа өөрсдийгөө олон улсад харуулж байгаа нь үнэхээр бахархалтай. Хариуцлагатай нүүдэлчдийн эрхэм зорилго бол дэлхий дахинд өөрсдийн дуу хоолойг хүргэх бөгөөд эдгээр бүтээгдэхүүд нь хүчтэй сайн мессеж болж чадна. Сайхан Монгол эх орноо хайрлан хамгаалцгаая. Хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ энэхүү хосгүй эрдэнэсийг үргэлжлүүлэн авч явах боломжийг хэвээр нь үлдээхийг хичээцгээе! Бид бүгдээрээ энэ сайхан орны байгалийн үзэсгэлэн, Монгол ёс уламжлалын өвөрмөц онцлогийг сэтгэл зүрх, оюун ухаандаа хадгалан, үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй. Өвөг дээдсийнхээ үлдээсэн эх нутаг, байгаль, газар шороогоо хайрлан дээдлэхийг уриалсан “ХҮ” хамтлагийн “Юу вэ Юу вэ” дууг сонсохыг урьж байна.