Монголын эсгий урлаг дэлхийг алмайруулж байна

Local news, 28.01.2023

Франц улсын Парис хотноо олон улсын уран зургийн хамтарсан үзэсгэлэнгийн үеэр монгол хүний урласан эсгий уран зураг үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж, урлагийн өндөр үнэлэмжтэй, дүрслэх урлаг, уран зураг гойд хөгжсөн европчуудыг уулга алдуулж байсан жишээ саяхан. Үнэндээ эсгийгээр уран зураг зурах нь зөвхөн зураачийн мэдрэмжээс гадна тусгай ур чадваруудыг шаардах нарийн, нямбай ажил юм.

Эсгий урлалын үзэсгэлэн
Эсгий урлалын үзэсгэлэн ©ШХА

Эрт дээр үеэс эсгий гэрт амьдардаг монголчуудын анхны төрт улс хүннүчүүд эсгий, ширмэл бүтээлүүдийг эдийн соёлын хүрээнд урлагтай холбож урлаж байсан нь 1924 онд Хараагийн Ноён уулын Хүннү язгууртны булшнаас зээгт хатгамал бүхий алдарт эсгий ширмэл ширдгийг олдсоноор нотлогддог.

Энэхүү эсгий ширдэг нь хамгийн эртний олдворт тооцогдож одоогоор ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музей, тал нь Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Эндээс тухайн үеийн монголчууд эсгийг эдлэж хэрэглэлээс гадна гоо зүйн мэдрэмжийн илэрхийлэл болгож, урлагийн түвшинд хөгжүүлж байсан нь харагддаг.

Гэвч сүүлийн жилүүдэд Монголчуудын уламжлал соёл, ахуй, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй салшгүй холбоотой эсгий урлагийг авч үлдэх, цаашлаад шинэ түвшинд гаргах, залуу артистуудыг бэлтгэх, уламжлалт технологийг хадгалж авч үлдэх, түгээн сурталчилах тал дээр томоохон асуудал тулгараад байв. Цөөхөн хэдхэн уран бүтээлчид энэхүү өв соёлыг тээгчид болж үлджээ. Түүхий эд болох ноос ноолуур нь Монгол Улсад үнэхээр элбэг боловч эдүгээ урлагийн бүтээлийн бүтээх түвшинд ноос, ноолуурыг боловсруулах тал дээр хоцрогджээ.

Энэ үед Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын уламжлалт эсгий уран зураг, урлагийн бүтээл туурвих ур чадварыг тээж байгаа цөөхөн уран бүтээлчид, тэр дундаа эсгий уран зураач, урлаг судлаач С.Сарангийн ажил үйлс, хүсэл мөрөөдлийг дэмжсэнээр мартагдаж байгаа өв соёл дахин сэргэх, шинэ залуу эсгий уран зураачдын тоог нэмэгдүүлэх, эсгий уран зургийн бүтээлийн тоог өсгөх зэрэг таатай боломжууд нээгдсэн юм.

Энэхүү төслөөр эсгий урлагийн өв соёлыг хадгалах, хамгаалах чиглэлээр шинэ үеийн 50 орчим эсгий уран бүтээлчдийг бэлтгэж технологи, ноу-хауг тусгасан сургалтыг тэдэнд зориулан зохион байгуулж, мөн эсгий урлагийн бүтээл, креатив үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд эсгий урлагийн бүтээл, уран зураг бүтээж, дотоодын болон олон улсын зах зээлд гаргасан юм. Мөн “Цагаан сор” эсгий уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, эсгийгээр уран зураг, урлагийн бүтээл бүтээж болохыг нотлон харуулж, иргэд, олон нийтэд сурталчилан таниулах ажлыг амжилттай хэрэгжүүлэв. Шинэ цаг үеийн эрэлт хэрэгцээ, технологийн боломжид тулгуурлан анхны NFT felt art-ыг дэлхийн зах зээлд санал болгох, эсгий урлагийг бүтээх гарын авлагыг гаргах, мэдээллийн сан бүхий веб сайтыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ.

Эсгий урлагийг нүүдлийн соёл иргэншилтэй, малчин ахуй соёлтой монголчууд маань хөгжүүлж чадвал дэлхийн урлагийн нэгэн шинэ бөгөөд өвөрмөц төрөл болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Эсгий уран зураач С.Саран болон түүний шавь нар монголын уламжлалт өв соёл болох эсгий урлагийн бүтээл, уран зургийн технологийг хойч үедээ өвлүүлэх, урлагийн төрөл зүйлийг тасралтгүй хөгжүүлэх, улам чанаржуулах замаар дэлхийн түвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ҮжинБрендээс