ШХА-ийн Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан хөтөлбөрийн ахлах ажилтан Г.Байгалмаатай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэе!

Local news, 21.01.2023

ШХА-ийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Г. Байгалмаа ©ШХА

Стефани: Юуны өмнө ярилцлага хийх боломжийг олгосон Байгалаадаа баярлалаа. Таны хувьд Монгол Улс дах Швейцарын хөгжлийн агентлагт олон жил ажилласан. Та яагаад энэ байгууллагад ажиллахаар шийдсэн бэ?

Байгал: Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нэлээдгүй хүнд, хэцүү цаг үеийг туулж байна.  Улс орны маань гадаад өр өсөж байгааг харахаар сэтгэл зовниж явдаг. Энэ нь  манай ДНБ-ий томоохон хувийг эзэлдэг. Хэрэв, миний хувьд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан бол өөртөө бага зэрэг буруутай ч юм шиг бодогдох байсан байх. Харин Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд буцалтгүй тусламж хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажилладаг нь надад маш их таалагддаг юм. Тэр дундаа иргэдийн амьжиргааг сайжруулах, хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллан, тэдний орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлээр улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан энэ байгууллагын нэг хэсэг болсондоо өөрийгөө азтай хүн гэж бодож явдаг. Мөн байгууллагын болон хувь хүний чадавхыг бий болгох, бэхжүүлэх чиглэлээрх Швейцарын өвөрмөц арга барилыг ажилдаа нэвтрүүлэн тэдгээрийг ирээдүйд илүү тогтвортой замаар эрсдэлгүй хөгжих боломжийг бий болгоход хамт олныхоо нэг хэсэг нь болсондоо үргэлж баяртай байдаг аа.

Стефани: Манай байгууллагад Швейцарын арга аргачлал, үнэт зүйлсийг ойлгож, бусдад таниулан чин сэтгэлээсээ ажилладаг тань шиг сайхан хамт олонтойдоо би маш их бахархаж явдаг. Энэ завшааныг ашиглан танд талархаж явдагаа дахин илэрхийлье. Сүүлийн жилүүдэд та аль салбарт, ямар чиглэлээр ажиллаж байснаа манай уншигчдад танилцуулна уу? Танай улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Байгал: Би одоо ШХА-ийн Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хариуцан ажиллаж байна. Харин энэ оны эхэн хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг хариуцаж хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж байсан. Сүүлийн 7 жилийн хугацаанд манай байгууллагын Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр боловсруулж, төлөвлөж, эхлүүлсэн ихэнх төслүүдийг миний бие удирдаж ажилласан.  Түүнчлэн, миний мэдэж байгаачлан одоогоор дэлхий даяар ШХА-д хэрэгжиж байгаа цорын ганц Хог хаягдлын менежментийн төсөл нь миний хариуцдаг төслийн багцад багтсан болно. Мөн жил бүр зарлагддаг жижиг төслүүд тэр дундаа соёлын төслүүдийг хариуцан ажилладаг. Эдгээр жижиг төслүүдтэй ажиллаж байхдаа миний хувьд эх орныхоо соёлын өвийн талаар маш олон зүйлийг сурч мэдэж авсан.

Одоогоор бид улс төрийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Манай сайхан орны орлогын дийлэнх хувь нь уул уурхайгаас бүрддэг ч харамсалтай нь тэгш хуваарилагдахгүй байна. Уул уурхайгаас өөр эдийн засгийг бүрдүүлэх маш олон боломж бидэнд бий. Бага зэрэг анхаарал хандуулж, тусламж үзүүлэхэд л Монгол Улс хүнсний ногооны үйлдвэрлэлээ өөрсдөө тогтвортой хангах, эсвэл уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дижитал хэрэгслийг нэвтрүүлж, саяхан засаглалын бүтцэд ашиглаж эхэлсэн зэрэг үр дүнг харж болно. Хүмүүс хүрээлэн буй орчин, байгал орчны талаар илүү ухамсартай болж байна. Мөн авъяас, ур чадвараа харуулж эх орноороо улам бахархаж байна.

Стефани: Би тантай санал нийлж байна. Хөдөө аж ахуйн салбарт илүү олон санал, санаачилга гарч, маш сайн үр дүн гарч байна. Таны хувьд тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн, тухайлбал, "Ногоон алт, малын эрүүл мэндийн төсөл"-өөр дамжуулан малчин өрхүүдийг илүү хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд нь чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж, асар их үүрэг хүлээж ажилласан.  Та үнэхээр бэлчээрийн менежментийг сайжруулахад хувь нэмрээ оруулж гайхалтай үр дүнд хүрсэн. Харин одоо таны хамгийн дуртай/хайртай төсөл ямар төсөл байсан бэ гэж асуумаар байна?

Байгал: Юуны өмнө би гарт баригдаж, харж болохуйц үр дүнг харах дуртай. Төслийн логик хүрээнд гарах үр дүнг хэмжих тоо, хувь байх ёстой. Чанарын үр дүнгүүд ч гэсэн зарим тоон үзүүлэлттэй холбоотой байх ёстой, эс тэгвээс би ямар нэгэн түүх зохиож байгаа юм шиг санагдах болно. Би хэзээ ч өөрийгөө эдгээр салбаруудын аль нэгэнд нь мэргэжилтэн, эксперт болчихсон гэж хэлж чадахгүй. Иргэдийн орлого нэмэгдэж, эрүүл мэнд сайжирч, хандлага эерэгээр өөрчлөгдөж, хэн нэгнээс, улс төрөөс хараат бус, бие даан амьжиргаагаа авч явах чадвартай болох үр дүн, үр нөлөөг харах нь миний хувьд хамгийн чухал. Соёл урлагийн төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудаас гайхалтай авьяас, бүтээлч байдлыг харах аз жаргал, баяр баясгаланг авчирдаг. Тиймээс би ажиллаж байсан бүх төслүүддээ хайртай. Тухайлбал, манай "Монгол ногоо төсөл"-ийн хүрээнд өөрийн талбайдаа тарьж ургуулсан луувангаа идэж буй хүүхэд, эсвэл гэр хорооллын айлууд хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо дэлгэж байхыг харах нь ямар бахдалтай гээч. Эсвэл Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнд арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг залуу бүтээгдэхүүний гол түүхий эд болох арьс ширийг ямар малчин бэлтгэснийг QR код уншуулж харуулж болно. Одоо та ихэнх оёдлын болон нэхмэлийн компаниудын үйлдвэрлэлийн шугамд малчдын нийлүүлдэг сарлагын хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг харж болно. Энэ бүх үр дүнг хараад миний хувьд өөрийн хийж байгаа ажлаасаа маш их сэтгэл ханамжийг авдаг. 

Стефани: Хэрэв танд мөнгө, эрх мэдэл байсан бол та юу хийх байсан бэ? Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлуудыг та хэрхэн харж байна вэ?

Байгал: Ер нь хөгжлийн төсөлтэй ажиллаж байхад, төслийн хэрэгжих хугацаа дуусах хүртэл бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж сайн байснаа төсөл дуусмагц чанар нь муудах, үйл ажиллагаа нь саатах зэрэг бэрхшээл тулгардаг.  Монголд шинээр нээгдсэн ресторан эхний хэдэн сардаа чанартай сайн бүтээгдэхүүнээр үйлчилдэг бол нэг жилийн дараа юм уу хэсэг хугацааны дараа эргээд ороход ямар нэгэн байдлаар хоол, зуушны чанар болон үйлчилгээ муудсан байдаг. Энэ бол маш харамсалтай! Тогтвортой байдал байхгүй юм шиг санагддаг, эсвэл хүмүүс бизнесээ сонирхохоо больсон уу, би заримдаа сайн ойлгодогүй юм. Хэрэв надад мөнгө байсан бол би гол асуудлууд, бэрхшээлүүдээ судалж үзнэ. Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг тасралтгүй, тогтвортой байлгах тал дээр түлхүү анхаарч сургалт явуулах,  чанарыг эрхэмлэж сайн ажиллаж байгаа үнэнч хүмүүсийг байнга урамшуулах, урамшууллын схем гаргаж ажиллах байх. Залуучуудын хувьд ч адилхан асуудлыг харж байна, хэрэв аливаа ажлыг хийхдээ чанар, хүртээмж, тогтвортой байдлыг эрхэмлэж байхгүй бол бизнесийн аль нэг салбарт амжилтанд хүрэхэд хэтэрхий их цаг алдах болно. Чанарын тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдлыг бүх залуучуудад аль болох эрт ойлгуулах нь чухал юм.  Магадгүй ажил олгогчид ажлын гараагаа эхэлж байгаа залуучуудыг энэ чиглэлийн сургалтад хамруулбал ирээдүйд нь хэрэгтэй байж болох юм.

Стефани: Бидэнтэй гайхалтай туршлага, үзэл бодлоо хуваалцсанд маш их баярлалаа. Та манай уншигчдад өөр хэлэх зүйл байна уу?

Байгал: Юуны өмнө Монгол Улсад ШХА-д ажиллаж, өөрийн нүдээр харж, мэдэрч байгаагийн хувьд Швейцарын татвар төлөгч та бүхний энэ дэлхийн олон оронд хөгжлийн төлөө хийж байгаа бүхий л энэрэнгүй үйлсэд чинь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.  Үйл ажиллагааны ихэнх үр нөлөөллүүд бидний тайлан, баримт бичигт тусгагдаагүй ч амьдрал дээр маш олон эерэг үр дүнг үзүүлсээр байдаг. Төсөл дууссаны дараа ч олон хүний амьдрал сайжирч, ШХА-тай хамтран ажиллаж байсан сайхан дурсамжуудаа хуваалцаж байгаа олон олон хүмүүсийг би мэднэ. Би нийт монголчуудынхаа өмнөөс дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж буй сайн үйлсийн төлөө Швейцарын ард түмэндээ дахин талархалаа илэрхийлж байна.

Стефани: Байгалаадаа маш их баярлалаа. Цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!