Монголд хүнсний ногоо тариалахад хэт хүйтэн байдаг уу?

23.01.2023

 “Монгол оронд газар тариалан эрхлэхэд байгал, цаг уурын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал нөлөөлдөг бөгөөд зөвхөн төвийн бүсийн хойд хэсгээр хүнсний ногоо тариалахад тохиромжтой байдаг. Иймд жилийн 4 улирал хүнсний ногоо тарих боломжгүй юм”. Бараг л хүн болгон өвлийн улирал урт удаан үргэлжилдэг ба -40 хэм хүртэл хүйтэн болж харин зуны улирал маш богинохон хугацаанд болж өнгөрдөг гэж боддог. 

Хоршооны хамт олон
Хоршооны хамт олон ©ШХА

Намрын ургац хураалтын үеэр цөөн төрлийн ногоог Улаанбаатар хотын төв захуудад худалдаалж байгааг эс тооцвол ихэнх хүнсний ногоог импортоор оруулж ирдэг. 2015 оноос “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн Монгол ногоо төсөл” хэрэгжиж эхлэх хүртэл нөхцөл байдал иймэрхүү байсан. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн чадварлаг агрономчдоос эхлээд, өрхийн жижиг тариалан эрхлэгчид хүртэлх бүхий л тариаланчид хүнсний ногооны шинэ цэцэглэлтийн үеийн түүхийг бүтээгч баатрууд юм.

Хөдөө аж ахуйн байгууллагуудын судлаачид, аргономчид хавар намрын улиралд бүх төрлийн хүнсний ногооны суулгац, ургамлыг лабораторд судлахаас гадна, хүлэмж, задгай талбай дах ногооны ургалтыг нямбай тэмдэглэж, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон хүнсний ногооны сортуудыг сонгон авч цаашид тариалдаг. Жил бүр 10-аас доошгүй төрлийн хүнсний ногооны 20-40 орчим сортыг туршиж, амжилттай ургасныг нь улсын бүртгэлд бүртгүүлдэг. Тариаланчид үр, суулгац бэлдэхдээ энэ бүртгэлээс 15 төрлийн үр тус бүрийг 2-3 жил ургуулдаг. Өмнө нь зөвхөн импортоор авдаг байсан үрийг одоо өөрсдөө бэлддэг болсон төдийгүй тариаланчдыг бүгдийг нь сайн чанарын, шинэ сортын нутагшуулан тарьсан үрээр хангахаас гадна тэдэнд тулгарч байсан чанар муутай болон өндөр үнэтэй импортын үртэй холбоотой бүхий л эрсдэлийг даван туулж байна.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үрийн үйлдвэрлэлийг улам бэхжүүлж, орон нутгийн үрийн үйлдвэрлэлийг төрөөс хамгаалж, дэмжиж байна. Тариаланчид лууван, байцаа, сонгино, улаан лоолийн олон төрлийн үрийн сонголттой болсон төдийгүй эдгээр нь ургалтын улиралд хэдэн шөнө хөлддөггүй, харин заримыг нь 7 дугаар сард хурааж авах боломжтой болсон.

Зарим төрлийн хүнсний ногооны сортууд нь тээвэрлэлтийг тэсвэрлэх чадвартай болсон, тухайлбал "Толстой" сортын улаан лооль, мөн тариаланчдын дунд түгээмэл хэрэглэгддэг "Хар салхи" сортын байцаа зэрэг нь тээвэрлэлтийг тэсвэрлэх чадвартай бөгөөд дараа жилийн ургац хураах улирал хүртэл хадгалах боломжтой юм.

Жил бүрийн намар уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн болон аймгуудын захуудад лангуу дүүрэн төрөл бүрийн хүнсний ногоотой оролцдог. Үзэсгэлэн худалдаа дууссан нь хүнсний ногооны борлуулалт үргэлжлэн явагддаг.  

“Цэвэр хөрсний шим” дундын хоршоо нь бараг аймаг бүрт анхан шатны хоршоодын гишүүдтэй бөгөөд гишүүн тариаланчдынхаа ургуулсан төмс, хүнсний ногоог сүлжээ супермаркет, ресторануудад жилийн турш гэрээгээр ханган нийлүүлж, үндэсний хэмжээнд зах зээлд борлуулж байна. Сургуулийн үдийн цайны хөтөлбөр, томоохон уул уурхайн компаниудын худалдан авалтын тендерт дундын хоршоо маань амжилттай оролцож, борлуулалт нь жил бүр хоёр дахин нэмэгдэж байна.

“Цэвэр хөрсний шим” дундын хоршооны гишүүд нь “Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадал” (ХААЗД)-ын гэрчилгээтэй гэдгээрээ онцлог бөгөөд тэдний нийлүүлж буй хүнсний ногоо нь хүнсний аюулгүй байдлын бүх стандартыг чанд мөрдөж байгаа гэдгийг хэрэглэгчдэдээ батлан харуулж чадаж байна.

Төсөл 2023 онд дуусах хэдий ч, үйлдвэрлэлийн сүлжээгээ сайжруулснаар ойрын жилүүдэд Монгол Улс хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь хангах боломжтой болж хүн ам нь импортын биш дотоодынхоо хүнсний ногоог сонгодог болох нь тодорхой байна. Айл гэрийн хоолны ширээ нь эх орны хөрсөнд ургасан бүхий л төрлийн хүнсний ногоог ашиглаж, баяжуулж хийсэн үдийн хоол, оройн хоол, олон төрлийн салатаар дүүрэн байх болно.

Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа 2024 онд Монгол Улсад дуусгавар болж байгаа хэдий ч 2004 - 2015 оны хооронд хэрэгжсэн “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд дотооддоо төмсний үйлдвэрлэлийг 100% бүрэн хангадаг болсон төдийгүй нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон. Бүхий л шатанд тариалангийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бүхий хүнсний ногооны үйлдвэрлэл хөгжиж ирсэн нь тус хөтөлбөрийн томоохон үр дүнгийн нэг юм. 

Дэлгэрэнгүйг Монгол ногоо төслөөс аваарай.