Швейцарын Холбооны Улс нь бяслаг хийх үе дамжин уламжлагдан ирсэн уламжлалт арга барилаараа алдартай бөгөөд онцгой чанар, өвөрмөц амтаараа гайхагддаг. 2016 онд АПУ компани Швейцарын бяслагны мэргэжилтэн Карлос Марбахын туршлагаар хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан шинэ төрлийн хагас хатуу бяслаг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн билээ.
Анх 14 настайдаа бяслаг хэрхэн хийхийг нагац ахаараа заалгаж байсан ноён Марбах тасралтгүй суралцсаар, өөрийгөө хөгжүүлж, шинийг эрж хайн, амьдралынхаа 66 жилийг бяслаг хийхэд зориулж, дэлхийн 5 тивийн 20 гаруй орны 50 гаруй бүс нутагт бяслаг хийх арга техникээсээ заан сургажээ. Өдгөө 80 настай тэрээр 22 гаруй жилийн өмнө Монгол оронд анх ирж, зуданд нэрвэгдсэн малчдад туслах Швейцарын Засгийн газрын Хүмүүнлэгийн тусламжийг Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн захиргаатай хамтран малчдад туслах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд малчид энэ тусламжаар орон нутгийн зах зээлээс шинээр мал, малын тэжээл худалдан авч байжээ. Үүний үр дүнд малчин өрхүүд эдийн засгийн хувьд дахин хөл дээрээ зогсч, ямаа, хонь, үхэр гээд мал сүргээ өсгөх боломжтой болсон.
Ноён Марбах нь Швейцарын арвин их туршлагатай бяслаг үйлдвэрлэгч юм. Тиймээс өөрийн баялаг туршлагаасаа орон нутгийн фермерүүдэд зааж сурган, тэдний бяслаг үйлдвэрлэх мэдлэг туршлагыг нь сайжруулах ажлыг эхлүүлсэн байна.
АПУ компани Карлостой 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн. АПУ компанийн Төслийн менежер хатагтай Орломжав Карлосоос 2017 онд Швейцарын Холбооны Улс 250 сая ам.долларын бяслаг экспортлосон тухай олж мэдсэн байна. Тэрээр Швейцарын туршлагаас санаа авч, бяслагийн импортын талаар судлахаар шийджээ. Ингээд бяслаг үйлдвэрлэсэн 66 жилийн туршлагатай энэ хүнээс суралцаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой арга техник ашиглан Монголд бяслаг хийх шийдвэр гаргахад хүргэсэн байна. Хатагтай Орломжав ШХА-ийн талаар өгсөн ярилцлагадаа Карлос Марбахын ур чадвар үнэлж баршгүй их байсан талаар ярив. АПУ компани Карлостой хамтран ажилласан гол зорилго нь залуучуудыг энэ чиглэлээр сургаж, чадавхижуулж, илүү амжилттай сайхан ирээдүйн замыг нээж өгөх явдал юм.
Монгол Улсад бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгох нь хоёр улсын үндэсний үйлдвэрлэгч, мэргэжилтнүүдийн хамтын ололт, үр дүн юм. Монгол үнээний сүүний онцлогт тохируулан монгол бяслаг үйлдвэрлэж, брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад үнэлж баршгүй зөвлөгөө, шинэ ноу хау-г нэвтрүүлж буй бяслагийн мэргэжилтэн Карлос Марбахд онцгойлон талархал илэрхийлж байна.
2024 онд Карлос Марбах 80 нас хүрч байна. Мөн 2024 он нь Монгол, Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн 20 жилийн ой тохиож буй учраас Швейцарын хөгжлийн агентлаг Карлосыг Монголд ирж ажиллахыг урьж, АПУ компанитай хамтран Швейцарын туршлагад суурилан, монгол үнээний сүүгээр хоёр орны найрамдлыг билэгдсэн бяслаг үйлдвэрлэхийг хүссэн юм. Энэхүү төсөл хэрэгжиж, энэ оны 5-р сард Швейцар-Монголын найрамдлыг билэгдсэн бяслагийг ШХА-йн зүгээс хамтрагч түншүүд болон Монгол Улсын Засгийн газарт өгөх боломжтой болсондоо бид маш их баяртай байна.
Дэлгэрэнгүйг манай видеоноос хүлээн авч үзээрэй.