Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран Монгол үндэсний их баяр наадмын үеэр Багануур дүүрэгт нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа. Энэ үйл явдал зөвхөн тэмцээн уралдаан бус харин Швейцарын Швинген (Schwingen) бөх, Монгол бөх гэсэн хоёр эртний спортыг хослуулсан найрамдал, хүндлэлийн нөхөрсөг барилдаан боллоо.
Швейцарын үндэсний бөх болох Швинген болон Монгол бөх хоёулаа эртний түүхэн уламжлал, соёлтой салшгүй холбоотой. Швейцарын хөдөө тосгонд үүссэн Швинген бөх нь 13-р зуунаас эхтэй бөгөөд үндэсний хэмжээнд алдартай спорт болон хөгжиж ирсэн байна. Швинген бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохиогддог бөгөөд түрүүлсэн бөхөд “Хаан” цол олгодог уламжлалтай. Үүний нэгэн адил Монгол бөх бол Чингис хааны үеэс улбаатай, Монгол соёлын нэг чухал элемент юм.
Монгол Улсад зохион байгуулагдсан энэхүү нөхөрсөг барилдаан нь эдгээр хоёр бөхийн төрлийг хослуулан, хоёр орны хоорондын соёлын солилцоо, харилцан хүндлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээ нь хүмүүсийн бөх барилдах, үзэх сонирхлоор дамжуулан энх тайван, найрамдал нөхөрлөлийн нийтлэг үнэт зүйлсийг илэрхийлж байна.
Баяр наадмын үеэр Монгол бөхийн барилдааны дараа зохион байгуулсан нөхөрсөг тэмцээнд Швейцарын гурван бөх багтсан нийт арван хоёр бөх барилдлаа. Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх зодоглож, барилдааны ач холбогдол, цар хүрээг харуулсан юм. Швейцар бөхчүүдээс "Хаан" цолтой, алдарт бөх Кристиан Штуки Монгол бөхчүүдийг ялж, бусдаас ялгарлаа. Харин Монголын бөх Болот Швейцарын хоёр бөхийг яллаа.
Нөхөрсөг барилдаан нь олон соёл иргэншлийн хоорондын гүүр болж, энх тайван, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгодог. Энэхүү тэмцээн нь эртний уламжлал бүхий хоёр орны бөхчүүдийг нэг дор нэгтгэж, хүмүүсийн бөх сонирхох сонирхол, спортын үндэс болсон нийтлэг үнэт зүйлсийг илэрхийлэв.
Бөхчүүдийн хувьд энэ арга хэмжээ нь өөр өөр арга барилд ур чадвараа сорьж, шинэ санаа сэдлийг олж, бат бэх нөхөрлөлийг бий болгов. Үзэгчдийн хувьд энэ арга хэмжээ нь спортын энэ хоёр төрлийг илүү ойлгон үнэлж, урлаг, соёлын баярын өвөрмөц хослолыг үзэж баяссан үйл явдал болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч хатагтай Виола Амхерд 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Хатагтай Амхерд нь Батлан хамгаалах, иргэний хамгаалал, спортын сайд бөгөөд Швинген бөхийг маш ихээр сонирхдог. Түүний айлчлалыг тохиолдуулан ШХА-аас дээрх бөхийн арга хэмжээ, нөхөрсөг тэмцээний үеийн гэрэл зургийн тусгай үзэсгэлэн зохион байгуулагдана.
Швейцарын Швинген болон Монгол бөхчүүдийн нөхөрсөг тэмцээн нь спорт бол нэгтгэгч хүч болохын нэг илэрхийлэл болсон юм. Энэ нь соёлын солилцоо, харилцан хүндлэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ бөхийн эртний уламжлал бүхий хоёр улсын баялаг өвийг харуулав. Тэмцээн өргөжин хүрээгээ тэлэхийн хэрээр спорт нь соёлын ялгааг арилгаж, дэлхийн энх тайван, найрамдлын чухал хүчин зүйл болж байна. Та бөхийн хорхойтон эсвэл сонирхогч байхаас үл хамааран нөхөрсөг тэмцээн нь хил хязгаарыг даван, сэтгэл сэргээсэн сайхан үйл явдал болсон юм.