Un’industria mineraria responsabile e sostenibile

Press releases, 23.03.2016

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ХАМОДХ” ТББ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсаас анх удаа экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтыг дэлхийн зах зээлд амжилттай экспортоллоо.

fairmined-certified
Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Ч. Отгонбаатар Шударга олборлолтын гэрчилгээгээ гардан авч байгаа нь

ХАМОДХ (Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо) нь 300 гаруй алт олборлогч бичил уурхайчдыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага (ТББ) юм.

Монгол Улсын Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай (ТБУ) төслийн дэмжлэгтэйгээр тус ТББ нь 2015 онд “Хариуцлагатай уул уурхайн холбоо” олон улсын байгууллагаас олгогддог “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг  авсан бөгөөд энэхүү гэрчилгээг авсан Ази тивийн анхны бичил уурхайн байгууллага болсон юм.

Уг гэрчилгээг авахын тулд тухайн байгууллага алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох нийт 200 гаруй стандарт шалгууруудыг бүрэн хангасан байхыг шаарддаг.

Уг “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авснаар ХАМОДХ ТББ нь олборлосон алтаа дэлхийн ёс зүйтэй олборлосон алтны зах зээлээр дамжуулан 100 гаруй үнэт эдлэл үйлдвэрлэгч компаниудад борлуулахын зэрэгцээ нийлүүлсэн алтны килограмм тутамд олгогдох урамшууллыг хүртэх шинэ үүд хаалга нээгдэж буй юм.

ХАМОДХ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар: “Экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтаа анх удаа дэлхийн зах зээлд экспортолж байгаадаа манай ТББ-ын бичил уурхайчид өндөр сэтгэгдэлтэй байна. Бид энэ амжилтанд нэг өдрийн дотор хүрээгүй юм. Энэ амжилтад хүрэхийн тулд манай ТББ-ын нийт бичил уурхайчид таван жилийн туршид хичээж ажиллацгаасан. Өнөөдөр биднийг байгаль орчныг сүйтгэгч “нинжа” нар гэж харахаасаа илүүтэйгээр дэлхийн стандартыг хангасан жишиг бичил уурхайчид гэж нийгэм хүлээж авч байна. Үүнээс гадна бид экспортолсон алтны килограмм тутамд олгогддог урамшууллыг хуримтлуулж байгууллагынхаа, цаашилбал орон нутгийнхаа хөгжилд зарцуулахаар төлөвлөж байна” гэж ярьсан юм.

Ёс зүйтэй олборлосон алтаар үйлдвэрлэгдсэн үнэт эдлэл болон бусад бүтээгдэхүүнүүд Ази, Европ, Австрали, Америк тивийн нийт 18 оронд борлуулагдахын зэрэгцээ интернэт дэлгүүрүүдээр дэлхий даяар худалдаалагдаж байна.

ТБУ төслийн Эрдэс баялгийн худалдаа хариуцсан мэргэжилтэн Ө.Батсайхан: “ХАМОДХ ТББ-ын энэхүү экспорт нь Монгол Улсын бичил уурхайн салбарт гарч байгаа түүхэн амжилт бөгөөд энэ жишгээр Монголын бичил уурхайчид “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авч дэлхийн зах зээлд өөрсдийн олборлосон алтаа нийлүүлэх боломж байгааг нотолсон үйл явдал боллоо гэж харж байна” хэмээн дурьдсан юм.

Холбоо барих:
Б.Золбоо
Мэдлэгийн төв, мэдээлэл харилцаа хариуцсан ажилтан
Тогтвортой бичил уурхай төсөл
Швейцарийн хөгжлийн агентлаг

Утас: +976 328848 Ext: 102
И-мэйл: zolboo.bayaraa@sam.mn
www.sam.mn

certified-gold
Бичил уурхайчдын шударгаар, байгальд ээлтэйгээр олборлосон алт экспортод гарлаа
Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь Бичил уурхайчдын нөхөрлөлийнхөн шударга олборлолтын гэрчилгээ хүртсэн Азийн анхны байгууллага болсондоо бахархалтай байна. © ТБУ төсөл / ШХА