Ногоон алт төсөл:

Малчдын тэргүүн туршлагыг хотноос хотонд дэлгэрүүлэхэд мэдээлийн технологийг ашигласан нь

gender-lens
Б. Удвал малчдын хамт © ШХА / Ногоон алт төсөл

Ховд аймгийн Цэцэг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Б. Удвал Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүдийн доторх цөөхөн эмэгтэй удирдагчдын нэг. Удвал сумандаа бэлчээрийн доройтлоос сэргийлэх, бэлчээр усаа хамгаалах хамтын менежментийг бий болгохыг зорьж буй малчдын өөрөө удирдах байгууллагыг тэргүүлж байна.

Харин сүүлийн үед тэрээр энэ ажилдаа видео камер ашиглаж, малчдаас гарч буй аливаа сайн санаачлага, тэргүүн туршлагыг дүрс бичлэгээр баримтжуулаад бусадтай нь хуваалцдаг боллоо. Тэрбээр, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл, Австралийн Кюүнсландын их сургуулиас хамтран зохион байгуулсан хамтын оролцооны видео сургалтаас энэхүү шинэ чадварыг эзэмшсэн ажээ.

Хамтын оролцооны видео гэдэг нь тэр бүр хурал цугларалтад оролцох боломжгүй зав чөлөө муутай, алслагдсан малчдад санал бодлоо илэрхийлэх, сайн туршлага, тулгамдсан асуудлаа хуваалцах боломжийг олгож буй мэдээллийг түгээх үр дүнтэй хэрэгсэл юм.

Тус суман дахь “Зайсан” Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид хөдөлмөрөө хоршиж, өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан нэгнийхээ малын өвлийн хашаа бууцыг сэргээн засварласан тухай таатай мэдээг тэрээр хүлээн авчээ. Намар нэлээд хэвийсэн, жихүүн салхитай нэгэн өдөр Зайсан БАХ-ын малчидтай уулзаж, энэхүү тэргүүн туршлагыг баримтжуулж, бусад хэсгийн малчдад үзүүлж танилцуулахаар Удвал камертайгаа Зайсан багийг зорьсон юм.

Өвлийн хашаан дээрээ цугласан хэсэг малчид даруй видео бичлэг хийхэд бэлтгэж, хэрхэн хамтран ажилласнаа зургаар дүрсэллээ. Тэдний гаргасан зургийн дагуу Удвал бичлэгээ хийгээд зарим малчдын сэтгэгдэл, ярилцлага зэргээр нэмж баяжууллаа.

БАХ-ийн гишүүд нэгнийхээ малын саравч хашааг хамтдаа хүчээ нэгтгэн барина гэдэг энэ хамт олны хувьд маш том ажил амжилт юм гэж Б.Удвал хэлэв. Хамтын хүчээр илүү үр дүнд хүрдэг гэдгийг харуулсан энэ сайн жишээг бусад малчдад хуваалцах нь чухал гэж тэр үзэж байна.

“Мал, төлөө дулаан өвөлжүүлэх хашаа хороогоо хэсгийнхээ малчид, найз нөхдийн тусламжтайгаар барьж дууссандаа би маш их баяртай байна гэж шинэхэн, дулаан өвөлжөөтэй болсон Зайсан БАХ-ын малчин  Д.Батбилэг хэлж байна.

Бусдын дэмжлэг хэрэгтэй маш олон малчид байдаг. Бид жилд дор хаяж гурван малчинд өвөлжөө барихад нь туслаж хамтран барихаар төлөвлөж байна Батбилэг нэмж хэллээ.

Зайсан БАХ-ын малчдын бүтээсэн ажлыг дүрсжүүлж дуусаад, Удвал маань тэндээс 90 км зайтай  дараагийн баг руу мэдээлэл түгээхээр явлаа. Тэр оройдоо өдөр нь бичсэн бичлэгээ цэгцэлж эвлүүлээд дараагийн багийн малчдад үзүүлэхэд бэлэн болгов.

Маргааш өглөө нь ШХА-ийн Ногоон Алт төслөөс хэрэгжүүлж буй бэлчээрийн менежмент, хамтын ажиллагааны талаар мэдээлэл багатай, Бэлчээр ашиглагчдын холбоонд нэгдээгүй малчидтай уулзсан юм.

Хөрш багийн малчид хамтран дулаан өвөлжөө барьсан туршлагыг харуулсан таван минутын богино хэмжээний кино малчдын анхаарлыг ихэд татлаа. Ялангуяа бүлэг хэсгээрээ нийлж хийсэн тэдний бодит ажлыг хараад урамшсан тэд ч бас ингэж хамтаараа хийж болох юм гэж өөр хоорондоо ярилцаж байгаа сонсогдлоо.

Б.Удвал бэлчээрийн зохистой менежментийн аливаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр малчдын байгууллагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллана. Харин одоо тэр камер гэдэг нэгэн сайн туслахтай болжээ.

“Мэдээллийн шинэ хэрэгсэл, дүрс бичлэгийн камер ашиглаж байгаа нь би хурал дээр очиж үг хэлэхээс бодит амьдралын жишээг харуулахад илүү үр дүнтэй болно гэж л би бодож байна.”

Жендерийн дуран: Фото өгүүлэл

Малчдын тэргүүн туршлагыг хотноос хотонд дэлгэрүүлэхэд мэдээлийн технологийг ашигласан нь

gender-lens
Б. Удвал малчидтай уулзаж бэлчээрийн зохистой менежментийн тухай танилцуулж байна. © ШХА
genderlens
Видео бичлэг эхлэхээс өмнө малчид өөрсдийн хийсэн ажлаа зургаар дүрсэлж өгүүллээ. © ШХА
genderlens
Зайсан БАХ-ын малчдын туршлагыг дараагийн хот айлынханд танилцуулж байгаа нь © ШХА