SDC-ийн тухай товчхон өгүүлэхэд

Швейцарын хөгжлийн агентлаг ( ШХА) нь Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны харъяа Швейцарын олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм. ШХА нь Холбооны засгийн газрын хүрээнд ажиллахдаа хөгжлийн үйл ажиллагаа, Зүүн Европтой хийх хамтын ажиллагаа болон Швейцарын Холбооны Улсаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг ерөнхийд нь удирдан зохицуулдаг.

ШХА-н хөгжлийн хамтын ажиллагааны гол зорилго бол ядуурлыг бууруулах явдал юм. Энэ нь эдийн засгийн бие даасан байдал, төрийн өөрөө удирдах эрхийг хөхиүлэн дэмжих, үйлдвэрлэлийн нөхцлийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх, байгаль орчны асуудлуудын шийдлийг олоход туслах, боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд голлон чиглэдэг.

ШХА үйл ажиллагаагаа жилийн 3.57 тэрбум (2018) швейцарь франкийн төсөвтэй, Швейцарт болон хилийн чанадад 600 орчим хvн, төлөөлөгчийн газрууддаа дотоодын 1000 ажилтантайгаар явуулж байна. Тус агентлаг өөрөө шууд үйл ажиллагаа явуулах, олон талт байгууллагуудын хөтөлбөрүүдийг дэмжихийн зэрэгцээ Швейцарын болон олон улсын тусламжийн байгууллагуудын дараах чиглэлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Бүс нутгийн хамтын ажиллагаа нь ШХА-с Ойрхи Дорнод, Африк, Ази, Латин Америкийн орнуудтай хийх хоёр талын хамтын ажиллагааг удирдан чиглүүлдэг. ШХА-с тэргүүлэх чиглэлийн орнуудынхаа тоог 17-оос 12 болгон цөөлж, тусгай хөтөлбөрүүдийнхээ тоог 7-оос 6 болгож цөөлсөн ч, үйл ажиллагааныхаа газар зүйн төвлөрөлийг хадгалсаар байна. 2009 оны сүүлээр Эквадор улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон. 2012 он гэхэд Энэтхэг, Бутан, Пакистан, Перу, Хойд Солонгост хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд дуусгавар болно. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны талбар дахь гол хамтрагч талууд бол бүс нутгийн хөгжлийн банкууд байдаг.

 

Дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүрээнд үндсэндээ олон талт хамтын ажиллагааны талбарт идэвхтэй байж НҮБ-ын системийн байгууллагууд, Дэлхийн Банктай хамтран ажилладаг. Уг хамтын ажиллагаа нь цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, хүн амын шилжин суурьшилтын чиглэлээрх хөтөлбөрүүдийг дэмжих замаар дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хүмүүнлэгийн тусламжийн гол зорилго нь хүмүүсийн амь насыг аврах, зовлон зүдгүүрийг бууруулахад чиглэдэг. Байгалийн гамшиг нүүрлэх, зэвсэгт мөргөлдөөн дэгдэх зэрэг хямралт байдлын үед шууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна хамтран ажилладаг хүмүүнлэгийн байгууллагуудаа хүн хүч, санхүүгийн дэмжлэгээр хангадаг. Хүмүүнлэгийн тусламжийг тусламж хамгийн их хэрэгтэй байгаа газруудад хүргэдэг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, онцгой байдлын тусламж, амьд үлдэгсдэд үзүүлэх тусламж, сэргээн босголт, хүмүүнлэгийн хямралын мартагдсан сэдвээрх нөлөөлөл зэрэг үндсэн чиглэлээр тусламж үзүүлдэг. Швейцарын хүмүүнлэгийн тусламж дэлхийн 6 бүс нутагт идэвхтэй хэрэгжиж байгаагийн дотор Гайти улсад болсон газар хөдлөлтийн үеэр томоохон баг илгээн тусламж үзүүлж байна.

 

Зүүн Европ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн (ТУХН) орнуудтай хийж буй Швейцарын хамтын ажиллагаа нь Зүүн Өмнөд Европ ба хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд дахь ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтэд дэмжлэг үзүүлж байна. Энэхүү шилжилтийн туслалцааны гол чиглэл нь ардчилсан институцүүдийг төлөвшүүлэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг шинэчлэх, байгаль орчны сайжруулах явдал байдаг. Швейцар улс 2008 оноос хойш Европын Холбооны томсгосон хүрээнд нийгэм, эдийн засгийн тэнцвэргvй байдлыг багасгахад чиглэсэн Томсгосон хувь нэмэр хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2010 онд уг хөтөлбөрт хамрагдагч орнуудын тоог өргөтгөж Румын, Болгар улсуудыг оруулаад байна.

Хайлт:

Мэдээ

Хайлт:

Мэдээ