Бичил уурхайг хуульчлах, албажуулах үйл явц
Олон хүний сэтгэхүйд 100,000 хүн байгаль орчныг үл хайхран, газар ухаж албан бусаар олборлолт явуулж байгаагаас байгаль орчин, монголчуудын уламжлалт зан заншилд аюул нүүрэлж байна гэсэн ойлголт гүн суусан байв. Хувиараа алт олборлогч иргэд болон тэдний гэр бүлийн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд мэтээр харж, тэднийг ялгаварлан гадуурхах нь улам бүр нэмэгдэх болсон.
Байгаль орчны улсын байцаагчид заримынх нь тоног төхөөрөмжийг нь хураан авч, оронд нь төлбөр нэхэх, зарим хэсэг нь том уурхайн компаниудын хамгаалалтын албаныханд зодуулж байв. Эдгээр зөрчил тэмцлийг бууруулах, асуудлыг шийдэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг тогтвортой бичил уурхайн үзэл баримтлалыг олон нийтэд таниулж, хариуцлагатай, албан ёсны алтны олборлолт явуулдаг болгоход бүхий л хүчин чармайлтаа тавьсан.
2010 онд ТБУТ-өөс бичил уурхай эрхлэгчдэд хандсан уриалга гарсаны дараа Монгол Улсын Их Хурлаас түр журмаар зохицуулагдаж байсан бичил уурхайн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлсэнээр Монгол Улс анх удаа бичил уурхайчдад хууль ёсны хамгааллыг бий болгож өгсөн билээ.
Бичил уурхайчид албан ёсны бүртгэлтэй болсноор татвараа төлдөг болж, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэх боломжтой болсон. Бичил уурхайн зориулалттай газар эзэмших эрхтэй болсноор тэдний оруулсан хөрөнгө оруулалт нь илүү баталгаатай болж, техник технологио сайжруулж, ажлын байрны аюулгүй ажиллагааг сайжруулах арга хэмжээг авч эхэлсэн.
Энэ бүгд нь эцэстээ бичил уурхайчдын эрүүл мэндийг сайжруулж, осол аваарийн тоог бууруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, амьжиргааг баталгаажуулах юм. Түүнчлэн бичил уурхайн олборлолт явуулахаар олгосон газруудад тэд хүлээсэн үүргийнхээ хүрээнд нөхөн сэргээлт хийж ирсэн нь орчны хөрс, усны бохирдлыг нэлээд бууруулсан.