Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформ нээлтээ хийлээ

Local news, 03.05.2021

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформын нээлтийг цахимаар хийлээ. (www.agaarneg.mn)

Агаар нэг платформ
Агаар нэг платформ ©ШХА

Энэхүү платформыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бүхий л байгууллагууд хоорондоо судалгаа, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн юм. Хөгжүүлэлтийг Брийт Монголиа ТББ (Breathe Mongolia) гүйцэтгэн ажилласан. Платформ дээр тухайн байгууллага өөрийн танилцуулгыг оруулах боломжтой бөгөөд мэдээллийн сангаас нарийвчилсан хайлт хийх, сүүлд оруулсан мэдээллийг автоматаар шинэчлэх нүүр хуудас зэрэг олон сонголтуудтай бөгөөд Англи, Монгол хэл дээр мэдээлэл оруулах боломжтой юм.

“Энэ платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, улс, орон нутгийн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хөрөнгө босгоход ашиглаж, цаашид хөгжүүлж том хэмжээний мэдлэг, мэдээллийн сан болно гэж итгэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Т.Уртнасан онцлллоо.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕС ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

"Бид агаарын бохирдлын асуудлыг цахим технологийн талаас нь шийдвэрлэх дээр илүү анхаарч ирсэн ба цаашдаа ч мөн “Агаар Нэг” санаачилгын хүрээнд энэхүү үүргийг гүйцэтгэн, дэмжин ажиллах болно" хэмээн Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Азжаргал хэллээ.

Энэхүү санаачилгын дараагийн шатанд БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Брийт Монголиа болон People In Need байгууллагын хамтарсан баг тус платформд гишүүнээр элсэн орсон болон энэ салбарт ажилладаг бүхий л байгууллагын мэдээллийг цуглуулах, нэгтгэх ажлыг хийх юм.