Сүүлчийн мэдээллийн тохимлолын өмнөх үг

Local news, 21.07.2024

Эрхэм уншигч Танаа,

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад 20 жил үйл ажиллагаагаа хэрэгжүүлж дуусаад,одоо баяртай гэж хэлэх цаг иржээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри ©ШХА

Энэ түүхэн цаг үед 60 жилийн түүхтэй Монгол, Швейцар хоёр улсын дипломат харилцаан дахь  шинэ үеийн эхний хуудсыг нээж байна.

Миний бие энэ завшааныг ашиглан сүүлийн саруудад болсон томоохон үйл явдлуудын талаар дурдахыг хүсч байна.

ШХА нь Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон түнш, хамтрагч талуудтайгаа харилцан туршлага, мэдлэгээ солилцож, томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.

Үйл ажиллагаагаа хааж салан одохдоо бэлдэж байх энэ үед бидний зүрх сэтгэл олон сайхан дурсамж, талархлаар дүүрэн байна.

Энэ аялал маань хамтын хүчин чармайлт, үр өгөөжтэй багийн ажиллагаа, нийтлэг алсын хараа, тууштай зүтгэлээр дүүрэн байсан гэдгийг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.

Та бүхэн бүгд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хамтдаа бид өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан зүйлсийг бүтээсэн. Бид хүчээ нэгтгэвэл хийж чадахгүй зүйл үгүй гэдгийг нотоллоо. Хамтын зүтгэл асар хүчтэй бөгөөд цаашид бид хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээсээр байх болно. Эрхэм уншигч та бүхэнгүйгээр бид эдгээр үр дүнд хүрэхгүй байсан.

Иймээс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Хамтдаа бий болгосон үр дүнд та чухал хувь нэмэр оруулсан. Таны зөвлөгөө дэмжлэг, итгэл үнэмшил, тууштай зүтгэл нь бидний эрхэм зорилго, нийтлэг зорилт, хамтын хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой байсан.

Маш их баярлалаа!

Энэ оны 5, 6 дугаар сар манай хамт олны тууштай хичээл зүтгэл, их хөдөлмөрийг нотлон харууллаа. Энэ үеэр Швейцарын Холбооны Улсаас өндөр, дээд хэмжээний айлчлалууд боллоо.

Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ ойг тохиолдуулан “Монгол шуудан” компаниас гоёмсог дурсгалын шуудангийн марк гаргасан юм. Уг марк нь манай хоёр орны соёлын бат бөх хэлхээ холбоог харуулж, дуу хөгжим, ан амьтдыг хайрладаг уламжлалыг илэрхийлсэн. The HU хамтлагтай хамтран хэрэгжүүлсэн төслийн билгэдэл болгон бяцхан лимбийг дүрсэлснийг энэ маркаас харж болно.

Үүгээр зогсохгүй, Монголбанк ШХА-тай хамтран энэхүү 60 жилийн ойд зориулан дурсгалын мөнгөн тэмдэгт гаргасан. Хязгаарлагдмал тоогоор хэвлэгдсэн энэ мөнгөн тэмдэгт дээр энх тайван, амар амгаланг билгэдэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын зохиосон шүлэг болон манай хоёр орны энх тайвны бэлгэдэл болсон Цагаан уул цэцгийг оруулсан юм. Мөн ийм санаагаар Швейцар техниологиор монгол үнээний сүүг ашиглан найрамдал нөхөрлөлд зориулсан бяслаг гаргасан юм.

Долдугаар сард баяр наадмын үеэр бид Швейцар бөхчүүдийг Монголд хүлээн авлаа. Монголын Үндэсний бөхийн Холбоотой хамтран Багануур дүүрэгт нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. Бид маш ачаалалтай ажиллаж байсан ч хөгжилтэй мөч бүхий сайхан үр дүнд хүрсэн. Эдгээр олон арга хэмжээ, бүтээгдэхүүнүүд нь манай хоёр орны хамтын ажиллагаа, ган бат харилцааг илэрхийлж байна.

ШХА-аас гаргадаг “Insight” мэдээллийн товхимлын сүүлийн дугаараас та дээрх айлчлал, арга хэмжээ, бүтээгдэхүүний талаарх мэдээлэлтэй танилцах болно. Та эндээс урам зориг авна гэж найдаж байна.

Эрхэм хүндэт түншүүд, хамтран ажиллагсад, найз нөхөд өө,

Миний хувьд Монголд байсан хугацаа маань дуусч, өнгөрсөн дөрвөн жилийн гайхалтай аяллынхаа талаар эргэцүүлэн бодож сууна. Миний хувьд хоёр дахь гэр минь болсон, олон сайхан дурсамжаар дүүрэн байсан энэ улсаас буцаж явах цаг минь болжээ.

Энд өнгөрүүлсэн цаг хугацааг минь бүрдүүлж буй олон дурсамж, туршлага, гүн гүнзгий сэтгэгдлүүдийн талаар бодож суухад эндээс явахад хэцүү байна. Санаа алдам сайхан үзэсгэлэнт байгалиас эхлээд гайхалтай соёл урлаг гээд хором бүр зүрх сэтгэлд минь хоногшин үлднэ.

Гэхдээ эдгээрээс хамгийн чухал нь энд учирсан хүмүүс энэ аяллыг маань үнэхээр урам зориг дүүрэн, хэзээ ч мартагдахааргүй болгосон билээ.

Шинэ найзууд минь та бүхэн намайг найрсаг дотно хүлээн авч, амьдралыг минь баяр хөөрөөр дүүргэсэн. Хамтдаа бүтээсэн дурсамжаа би хаа ч явсан нандигнан дурсаж явах болно.

Швейцар руу буцахаар бэлдэж байхдаа би зүрх сэтгэлийнхээ нэг хэсгийг энд үлдээх болно гэдгээ хэлэх ёстой. Би та бүхнийг маш их санах болно.

ШХА-ийн хамт олны нэрийн өмнөөс Н.Хосцэцэг, Л.Золзаяа, Ц.Тансагмаа, Ж.Болорцэцэг, М.Гэсэр, Ш.Дариймаа, Б.Батцэцэг, Б. Баянбаатар болон миний бие Танд болон таны гэр бүлийнхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бидний зам хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ дахин таарах болно найдаж байна.

Баярлалаа!

Стефани Бурри