Соёл урлагийн төслийн уралдаант шалгаруулалтад урьж байна

Press releases, 22.01.2019

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёл урлагийн төслийн саналыг хүлээн авч байна.

Соёл урлаг
Соёл урлаг © ШХА

Төслийн санал нь уран зохиол, шүлэг найраглал, уран зураг, хөгжим, театр, дуурь, бүжиг, видео бүтээл, дизайн болон фото зураг зэрэг уламжлалт болон орчин үеийн урлагийн аль ч төрөл хэлбэрээр байж болно.

Монгол Швейцарын хооронд соёлын солилцоог бэхжүүлэх, мэргэжлийн туршлага солилцох болон соёл урлагийн олон төрлийн нэгдлийг эрэлхийлсэн төслүүдийг түлхүү дэмжинэ. Хөдөө орон нутагт урлаг соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн шинэлэг санаачлага, ялангуяа орон нутгийн урлаг соёлын байгууллагууд, шинээр хөгжиж буй уран бүтээлчид, бие даан уран бүтээл туурвиж буй залуу уран бүтээлчдийг хөгжүүлэх зорилготой төслүүдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Үндэсний болон соёлын биет өвийг сэргээн засварлах, хадгалан хамгаалах төслүүдийг дэмжихгүйг анхаарна уу.  

Төсөлд тавигдах үндсэн шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд буюу төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний, урлаг соёлын байгууллага болон институт байх;
  • Төслийг ШХА-аас өгсөн удирдамжийн дагуу өгөгдсөн маягтуудыг ашиглан бүрэн боловсруулж, дэлгэрэнгүй төсвийн хамт хүргүүлнэ. Улаанбаатар хотоос оролцож буй өргөдөл гаргагч нь төслийг англи хэл дээр илгээнэ. Хөдөө орон нутгаас оролцогчдыг ч мөн адил англи хэл дээр өргөдөл гаргахыг санал болгож байна. Хэрэв монгол хэл дээр маягтыг бөглөсөн бол төслийн үндсэн санаа, гол агуулгыг англи хэл дээр 1-2 хуудсанд багтаан хавсаргана;
  • Өргөдөл гаргагч нь аливаа улс төрийн нам, эвсэлд харъяалалгүй, санал болгож буй төсөл нь улс төрийн нам эвсэлд хамааралгүй болон улс төрийн чанартай үйл ажиллагаа дэмжихгүй байх;
  • Төсөл нь 12 сараас ихгүй хугацаанд хэрэгжиж дууссан байх.

Дээрх шаардлагыг хангасан төслийг дараах шалгуураар шалгаруулна. Үүнд:

  • Бүтээлч, шинэлэг байх;
  • Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон төсөв нь тодорхой, ойлгомжтой байх;
  • Монголын соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тодорхой үр дүн үзүүлэх;
  • Хэрэгжүүлэгч нь тухайн салбартаа мэдлэг чадвар, туршлагатай байх;
  • Хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх болон төсвийг захиран зарцуулах чадвартай гэдгээ нотолсон байх;

Монгол Швейцарын хооронд соёл урлагийн солилцоо, хоёр улсын уран бүтээлчдийн дунд холбоо харилцаа үүсгэх зорилготой төслүүдийн саналыг урьж байна.

Санхүүгийн нөхцөл:

  • Нэг төсөлд олгох санхүүжилт нь 70 сая хүртэлх төгрөг байна;
  • Төсвийн тодорхой хувийг өөрийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой төслийг давуу гэж үзнэ. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байна;
  • Төслийн төсөвт ажилтан, мэргэжилтнүүдийн цалин, ажлын хөлс, урамшуулал зэрэг зардал нь нийт төсвийн 20 хувиас ихгүй байх бөгөөд илүү гарсан цалин, урамшууллыг өргөдөл гаргагч нь хариуцах болно.
  • Хэрэгжүүлэгч нь төслийн үед гарах татвар, шаардлагатай даатгалудыг зохих хуулийн дагуу хариуцна.

Дараах саналыг шалгаруулалтад оруулахгүй. Үүнд:

  • Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж бол;
  • Байгууллагын үйл ажиллагааны тогтмол зардал, ажилтнуудын цалин урамшуулал зэргийг голчлон санхүүжүүлэх санал;
  • Төслийн үндсэн үйл ажиллагаа, агуулгад багтаагүй зөвхөн хувь хүн, байгууллагын гадаад аялал, албан томилолт санхүүжүүлэх, эсвэл эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах санал;
  • Хувь хүний сургалт,  судалгааны  ажил, тэтгэлэг зэргийг санхүүжүүлэх санал

Өргөдөл гаргах журам:

Төслийн маягтуудыг https://www.eda.admin.ch/mongolia хаягаар орж татаж авна уу.

Бүрэн гүйцэд боловсруулсан төслийн саналыг PDF форматаар ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягт “Culture Project Proposal 2019” гэсэн гарчигтайгаар илгээнэ. Хавсралтын хэмжээ нь 10МB-аас ихгүй байна.

2019 оны төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр.

Жич:

  • Нэг байгууллага нэг төслийн санал илгээнэ;
  • Бүрэн бус болон хангалтгүй боловсруулсан материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй;
  • Төслийн шалгаруулалт нь шударга өрсөлдөөнт журмаар явагдана;
  • Өмнө нь санхүүжилт авч байгаагүй шинэлэг төслийг түлхүү дэмжинэ;
  • Зөвхөн шалгарсан төсөлд бичгээр хариу мэдэгдэнэ;
  • Төслийн материалыг буцаан олгохгүй;
  • Төслийн шалгаруулалт нь төсөл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш нэг сарын дотор эцэслэгдэнэ.

Төсөлтэй холбоотой аливаа асуултад утсаар хариу өгөх боломжгүйг анхаарна уу.

Соёл урлаг нь нийгмийн өөрчлөлтийн гол илэрхийлэл бөгөөд хөгжлийн цөм болдог.