Эмэгтэйчүүд-Манлайлал чуулган амжилттай болж 400 гаруй төлөөлөгчид оролцлоо


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Press releases, 03.07.2019

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хоёр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын засаг захиргааны бүх шатны нэгжид иргэдээ төлөөлөн сонгогдсон 8,000 гаруй төлөөлөгчдийг хуульд заасан үндсэн чиг үүргийнх нь талаар болон манлайллын ур чадвар, арга зүйд сургаж, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажилласан.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио "Эмэгтэйчүүд Манлайлал" чуулганд илтгэл тавьж буй
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио "Эмэгтэйчүүд Манлайлал" чуулганд илтгэл тавьж буй ©ШХА

Сургалтад хамрагдсан эмэгтэй төлөөлөгчид өөрийн сонгогдсон орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүн нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа тул эдгээр сайн туршлагуудыг танилцуулах олон нийтэд танилцуулах зорилгоор  Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганыг 6 сарын 25-ны өдөр Корпорейтын их танхимд амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн хоёр сонгууль дараалан орон нутгийн ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо буурсан статистик байна. Тодруулбал, 2012 оны сонгуулийн үр дүнд нийт 8,000 гаруй төлөөлөгч сонгогдсоны 27.3 хувь буюу 2,204 нь эмэгтэй төлөөлөгчид байсан нь  өмнөх 2008 оны сонгуультай харьцуулахад буурчээ. 2016 онд энэ тоо 2,164 болж мөн л буурчээ. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо буурч байгаа нь цаашид анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм.

Чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүргээс эмэгтэй төлөөлөгчид ирж оролцож, сайн туршлагаа хуваалцахаас гадна гадаадын улс орны төлөөлөгчид мөн оролцож, манай эмэгтэй улс төрчидтэй туршлага солилцлоо.

Уг чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкманн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриела Спирли нар үг хэлнэ. Гол илтгэлийг чуулганы хундэт зочин Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг үндэсний хэмжээнд хариуцан зохион байгуулсан МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал нар танилцууллаа.

Улмаар чуулганы эхний хэсэгт эмэгтэй төлөөлөгчдийн хэрэгжүүлсэн нийгмийн төслүүдийн 8 сайн жишээг нийслэлийн дүүрэг, аймаг, сумдын 8 эмэгтэй төлөөлөгч танилцуулж үдээс хойшхи 4 салбар хуралдаанаар эмэгтэй улс төрчдөд тулгардаг бэрхшээлийг идэвхтэй харилцаа, нийгмийн капитал, шинэлэг хамтын ажиллагааны аргаар давах боломж, сайн туршлагуудыг хэлэлцлээ.

“Эмэгтэйчүүдэд эн тэнцүү сонгогдох хийгээд ажиллах боломж олгох нь арчдиллын суурь зарчим хийгээд нийгмийн шударга төлөөллийг хангаж байгаа хэрэг юм. Төлөөллийн ардчилалд бид хүйс, нас, газар нутаг, мэргэжлийн ялгаатай олон төлөөллийг багтаан олон ургальч үзлийг хөхиүлэн дэмждэг шүү дээ” хэмээн Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти хэлсэн юм.

Чуулганы гол зорилго нь орон нутгийн эмэгтэй улс төрчдийн ололт амжилтыг танилцуулахаас гадна харилцан туршлага солилцох, дуу хоолойгоо нэгтгэх талбарыг бий болгох, сайн туршлагуудаас санаа авч ажиллах бүтээлч хэв маягийг орон даяар түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй улс төрчдийн хүрээнд нийгмийн капитал бий болгоход оршиж байна.