Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь vйл ажиллагааны тойм 2001-2009

Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) нь 2001 оноос Монгол Улсад тохиосон байгалийн гамшгийн хохирлыг даван туулахад болон зуданд нэрвэгдсэн хөдөөгийн малчид, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Эхний үедээ зуданд нэрвэгдэгсдэд хүнс, хувцас, малын тэжээл, орон гэр мэт хүмүүнлэгийн тусламжийн уламжлалт арга болох эд материалын дэмжлэг үзүүлж байв. Гэвч өргөн уудам нутагтай Монгол оронд хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтийн нэлээд хэсгийг захиргаа, тээвэрлэлтийн зардалд зарцуулдаг нь үр ашиггүй зохион байгуулалт болох нь мэдрэгдсэн. Иймд ШХА нь Зүүн-Европын орнуудад амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн малчдад зориулсан бэлэн мөнгөний тусламжийн шинэ хөтөлбөрийг анх Монголд нэвтрүүлсэн. Бэлэн мөнгөний буцалтгvй тусламж олгоход баримталдаг зарчмын дагуу тусламжинд хамрагдсан иргэдэд орон нутгийн банкны салбараар дамжуулан олгож, тухайн мөнгийг цаашид хэрхэн зарцуулах сонголтыг иргэдэд өөрсдөд нь өгсөн. Орон нутгийн удирдлага болон нутгийн иргэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх хэлбэрийг байгалийн гамшгийн хор хохирлыг арилгах, гамшгаас урьдчилан сэргийлэхэд тустай сайн арга байна гэж үнэлсэн. Уг төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлсэн бөгөөд нийт эмзэг бүлгийн 7600 гаруй малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн.

ШХА хүмүүнлэгийн яаралтай тусламжаас гадна урт хугацааны хөгжлийн хамтын ажиллагааны төслүүд рүү аажмаар шилжин өргөжиснөөр чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг сайжруулах, байгаль орчны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэх боломжоор хангах төдийгvй соёл урлагийн олон төрлүүдийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсон.

Швейцарын Холбооны Улсаас 2001-2009 онуудад нийтдээ 20 гаруй сая шв.франкийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.